Энэ цагаас эхлэн махан бодид төрсөн цусан зүрхт хүмүүнд кибер ертөнцийн зүгээс үнэхээр бодит аюул заналхийлэх болсон бөгөөд энэ нь компьютерийн вирус билээ. Өрх бүхэн компьютержсэн Монголын тал нутагт ч вирус хэмээх дайсан өдөр алгасалгүй довтолж, бидний хийсэн бүтээснийг эвдэн бусниулахаар цаг ямагт заналхийлж байна.
Интернэтгүй газар ч зөөгч флэш, CD, MP тоглуулагчаар дамжин вирус халдсаар байна. Компьютерийн вирус гэдгийг өнөөдөр дайсагнагч программ гэдэг утгаар нь ойлгох болжээ. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын ажлыг амжуулдаг ачтай тустай программуудын эсрэг вирус хэмээх дайсагнагч үй олон программыг зохион бүтээгээд түүгээрээ амьдарч, орон зайгаа олж байдаг бүхэл бүтэн “хар” үйлдвэрлэл нэгэнт хүчээ авсан байх юм. Компьютерийн вирус гэгч нь одоо манайд ид дэлгэрээд байгаа гахайн ханиадны вирус шиг нэгэнт л контакт авсан бол өөрийгөө хувилах замаар өсөн үржиж байдаг зүйл билээ.
Жишээ нь: Trojan-Downloader.Win32.VB.bnp вирус гэхэд л мөнөөх дунд сургуулийн түүхийн хичээлд үзэж байсан Трой хотыг чөлөөлөхөөр аварга том морь бүтээж түүн дотроо орон нуугдаж байгаад шөнө хэрмэн дотроос нь довтолсон овжин түүхийг бэлгэдэн бүтээгдсэн вирус байх юм. Өөрөөр хэлбэл мөнөөх морины дотор нуугддаг шиг л энэхүү вирус нь компьютерт маань сэмхэн ороод өөрийгөө хувилан чухал чухал бичиг баримтыг маань устгаж гар мухарлах зорилготой дайсан билээ. Эсвэл таны компьютерт нэг үл таних нөхөр дэлхийн аль ч өнцөгөөс юм давхиж ороод хамаг юмыг чинь онгичоод эгээ л унтлагын өрөөг тань түйвээхтэй адил болгочихвол ямархан сэтгэгдэл төрөх билээ дээ.
Өнөөдөр дэлхийн олон банк санхүү, хөрөнгийн арилжааны байгууллага, тэр ч бүү хэл цэрэг батлан хамгаалах, тагнуулын байгууллагууд хүртэл вирусийн довтолгоонд өртсөн уртын урт түүх бий.
Вирусийг анх хэн бүтээсэн нь тодорхой бус байдаг. Учир нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай математикийн автоматын судалгаан дээр аль тэртээ 1940-өөд онд алдарт Жон Фон Нейман ажиллаж байсан бөгөөд улмаар тиймэрхүү автоматыг бүтээж болох аргачлалын талаар 1951 онд олонд дэлгэж байжээ. Үүнээс хойш 1959 онд “Scientific American” сэтгүүлд Л.С.Пенроуз өөрөө өөрийгөө сэргээх механик бүтцийн талаар өгүүлэл нийтлүүлсэн байх юм. Үүний өмнөх өгүүллээс ялгаатай нь өөрөө идэвхжин үржих төдийгүй, мутаци буюу дүрс хувиралд орох замаар биеэ нуун далдлах чадвар бүхий хоёр хэмжээст бүтцийн талаар анх удаа тодорхой өгүүлсэн байлаа. Мөн үүний мөрийг даран өөр нэгэн эрдэмтэн Ф.Ж.Шталь IBM 650 дээр машины кодын тусламжтайгаар практикт анх удаа жинхэнэ бодит загварыг нь бий болгосон юм.
Энэ бүх эрдэм шинжилгээний судалгаа нь өнөөгийн бидний толгойн өвчин болоод байгаа компьютерийн вирусийг зохиох гэсэн зорилго агуулаагүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Харин тэдгээр эрдэмтний ажил нь хиймэл оюун ухаан болон робот техникийг зохион бүтээхэд зориулагдсан нөр их зүтгэл байсан билээ.
Харин 1962 онд Bell Telephone Laboratories пүүсийн ажилтан В.А. Высотский, Г.Д.Макилрой болон Роберт Моррис нар “Дарвин” хэмээх компьютерийн тоглоомыг зохион бүтээсэн бөгөөд энэ нь виртуал орон зайд задлан шинжилгээ хийх замаар эсрэг этгээдийнхээ прогаммын бүхий л хувийг олж устган өөрөө ганцаараа үлдэж байлдааны талбарыг эзлэх зорилгоор ажилладаг зарчимтай байв. Гэвч энэхүү өөрөө өөрийгөө хувилан бий болгож, хэд дахин сэхэх чадвартай математикийн ухаант обьектийг буруу гарынхан ашиглаж, бүгдийн тав тухыг алдуулна хэмээн хэн сэтгэх билээ.
Орчин үед вирусийн программыг хэн ямар зорилгоор зохиогоод байна гэдэгт судалгаа хийгээд үзтэл тэдний дийлэнх нь программчлалын хичээл эхлэн үзэж байгаа ахлах сургуулийн сурагчид болон оюутнууд болох нь илэрчээ. Тэдний вирус сургуулиасаа ч бараг хэтрэлгүй тодорхой хугацааны дараа устаж алга болдог байна.
Вирус бүтээгч дараагийн бүлэг хүмүүс нь залуучууд (дийлэнхи нь оюутан) бөгөөд тэд мөн л программчлалыг төдийлөн төгс эзэмшээгүй хүмүүс байдаг байна. Тэдний туйлын зорилго нь зүгээр л өөрийгөө илэрхийлэх, кибер орон зайд танхайрах явдал юм. Тэдний гараас ихэвчлэн маш их алдаатай (оюутны вирус гэгддэг) бүтээл гардаг байна. Учир нь олон тоогоороо интернэтэд гарах болсон вирус хэрхэн зохиох, яаж хакердах талын ойр зуурын хичээлүүд дээр л тэд нарын мэдлэг тулгуурласан байдагт оршино.
Орчин үеийн вирусийн 10 хувийг иймэрхүү бүтээлүүд эзэлдэг бол үлдэх 90 хувь нь ёстой жинхэнэ “нийгмийн халдварт өвчин” гэнэ.
Гурав дахь хэсэг буюу ёстой жинхэнэ “мэргэжлийн” вирус бичигч арай ахмад настны бүлэг л өдгөө дэлхий дахиныг зовоогоод байгаа бөгөөд тэдэнтэй тэмцэх гэж маш их оюун ухаан, нөр их хөдөлмөр, тооцоолж гүйцэшгүй хөрөнгө зарцуулагдаж байна.
Гэтэл бас дөрөв дэх бүлэг бий бөгөөд тэдгээр нь “шинжлэн судлагчид” гэнэ. Тэдгээр нь гайхамшигт программчид бөгөөд өнгөлөн далдлах, халдварлуулах, вирусийн эсрэг программуудтай сөргөлдөн зогсох зэрэг цоо шинэ арга зарчмыг зохион бүтээж суудаг байна. Шинэ үйлдлийн систем гарлаа гэхэд тэд түүн рүү хэрхэн нэвтрэх вэ гэдгийг буюу уг программын алдааг хамгийн түрүүн олж илрүүлдэг хүмүүс гэнэ. Тэд вирусийг өөртөө ашиглахын төлөө бус компьютерийн боломжийг нэмэгдүүлэхийн төлөө бүтээнэ.
Энэхүү хавтгай дэлхийн хаа нэг өнцөгт хорон санаатан Trojan-Spy.Win32.Banker.lax мэт вирусийг зохиогоод ертөнцийн аль ч банкны компьютерийн сүлжээнд нэвтрэн орж хамаг мэдээллийг нь устгах аюулыг улаан гараараа тариад сууж байна.
Тэгвэл саяхан “Касперскийн Лаборатори” аудиофайл буюу дуут файл хэлбэрээр 25-33 секундийн хугацаанд нүд ирмэх зуур өөрийгөө хувилан тараадаг дэлхийн анхны mp3 форматын спам Вирусийг илрүүлээд байна. Spam буюу stock-спам нь захиа хэлбэрээр хүмүүсийн цахим шуудангаар тардаг бөгөөд энэхүү дуут вирусийн хувьд түүнийг нээхэд Exit Only Inc компанийн хувьцаа худалдаж авна уу хэмээх эмэгтэй хүний бүдэг дуу гаргадаг гэнэ.
Энэ мэтээр дэлхий маань вирусэндээ идэгдээд Касперский мэтийн ухаантнууд бидний хамгаалахаар зогсоо чөлөөгүй ажилласаар байна. Өөрөөр хэлбэл дайн дөнгөж л эхэлж байна.